Бизнес дурсамжтай хундаганы үг

Posted by  Энхтайван   in  ,      10 months ago     447 Views     Бизнес дурсамжтай хундаганы үг-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Би амьдралдаа олон удаа алдаа гаргаж явсан. Алдаа хийх бүртээ Би ямар тэнэг юм бэ? гэж өөрийгөө зэмлэдэг байлаа. Тэнэг хүн л алдаа гаргадаг юм биш, харин хөдөлмөрч хүн алдаа гаргадаг юм байна гэдгийг хожим ухаарсан.

Эргэж хөл дээрээ босох тухай бодох нь бүү хэл үхмээр байсан цаг үе ч надад олон байсан. Гэвч би одоо үхээгүй л амьд сэрүүн гэлдэрч явна.

Яагаад?

Өнөөдрийн өнцгөөс эргээд бодоход, тэр л өдөр хоногууд намайг хурцлаад зогссонгүй ухааныг минь хөвчилж, их амьдралд бэлтгэж байсан бүтэлгүй залуу нас маань байжээ.

Дааж давшгүй их өрөнд орчихоод, хулгай хийхгүй л юм бол энэ өрийг хэзээ ч дарахгүй юм байна даа гэсэн бодол төрдөг байсан боловч аливаа мухардлаас гарах гарц зөндөө байдаг юм шүү гэдгийг туулсан амьдрал маань надад сургасан.

Энэхүү амьдралын бэрхшээл ганцхан намайг бус олон хүнийг дайрсан. Дайрч ч байгаа. Дайрах ч болно.

Бэрхшээлийг давах олон арга байдаг болохоор тэр бүгдийг тоочих аргагүй.

Хамгийн энгийн арга бол БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ юм. Шинэ бизнес эрхлэж, амжилт гаргах нь их амархан.

Юуны өмнө өөрийнхөө боломж, билэг авъяас, хүрээлэн байгаа орчиноо таньж мэдээд, сонирхолтой зүйл рүүгээ хандаж, түүнийгээ хобби болгон өөрийгөө дурлуулах хэрэгтэй. Тухайлбал:

Би цуйвангийн үйлдвэрлэл эрхлэж, бууз, банш, хэрчсэн гурил мэт дэлгүүр бүрийн лангуун дээр өрөх юм бол энэ том зах зээл намайг хангалттай орлоготой болгож чадна хэмээн итгэх нь чухал. Гэтэл сэгсийсэн цуйванг хийж чадахгүй байж болно. Хэрхэн хялбархан аргаар амттай цуйван хийх вэ? гээд олон удаагийн туршилтыг гэртээ хийгээд үз.

Хийх тусам улам мэрэгшин, амт чанар нь улам сайжрах нь мэдээж.

Дараа нь хамгийн их хөдөлмөр шингэсэн ажлыг механикжуулж, хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэх ямар арга байна вэ? гэдгийг судла. Үүнийг судлахад ухаан нь хүрэхгүй бол надаас асуугаарай. Ямар бүтээгдэхүүнийг хэрхэн механикжуулж, хялбархан шийдэж болохоор аргуудыг тань ах нь заагаад өгч чадна.

Шинэ бизнес эхлэн хийж байгаа хүмүүс дандаа хялбар арга хайж, аль болохоор хуурах мэхлэх арга эрэлхийлдэг. Энэ бол хамгийн буруу.

Хэн ч хэвтэрт байгаа аав ээжийгээ асрахдаа тийм муухай сэтгэл гаргаж чадахгүй шүү дээ. Яг л түүн шиг гээд л бодчих. Сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн мөнгө далладаг.

Ирээдүйн ТЭРБУМТАН болох бэлтгэл цаг үеэ амжилттай даваарай гэсэн сайхан ерөөлийг дүү нартаа хүргээд, хундага өргөе.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.