Posted by  Энхтайван   in  , , ,      10 months ago     1002 Views     Мөнгийг ухаанаар босгодог-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Шинээр эхлүүлж байгаа бизнес маань бүтэлгүйтэх явдал надад их тохиолдож байлаа. Их л амархан юм шиг санагдаад, банкнаас зээл авч хөдлөх гэсэн оролдлогууд маань бүгд талаар болсон.

Тухайн үед, Надад шинэ бизнес санаагаа бодитойгоор төсөөлөх чадвар л дутагдаж байсан юм.

Ихэнхи нь зах зээлийн судалгаа муу хийснээс болж бүтэлгүйтэж байсан. Гэвч тухайн үед энэ судалгааг хэрхэн хийх талаархи мэдлэг надад байхгүй байсан. Гэвч би нэг их харамсдаггүй. Өөрийн чадвар хүрэхгүй зүйл рүү том санаж явсан бүтэлгүй эр эрэг рүү нурж унаа л биз.

Гэтэл мэдээжийн юман дээр, зах зээл нь байсаар байтал бүдрэх тохиолдол бас байлаа. Тэр үед хэт яарч, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээрээ дутуу сэтгэлээр хандсанаас болсон.

Төмөр каркастай хаус байшингийн үйлдвэрлэл эрхлэх технологийн судалгаа сайн байсан ч чин сэтгэлийн хандлага дутагдаж байсныг дампуурсныхаа дараа нь ойлгосон. Тэр үед www.steelhouse.info сайтаа байгуулж билээ.

Энэхүү нийтлэлийг бичиж суухдаа, Амжилтанд хүрэх зам маань хаана хүрээд мухардаж байсныг эрэгцүүлэн бодож сууна.

Харин хамгийн сүүлийн бизнес маань эхлэх үед би тодорхой хэмжээний бизнесийн туршлага хуримтлуулчихсан байсан. Энэ үед би эргийн хажуугаар хальтрахгүйгээр тэнцвэртэй алхах ухаанаа олчихсон байсан.

Анхны үе шат – Шинэ бизнесийн судалгаа хийх ба өөрийгөө бэлтгэх нь

Шинэ бизнесээ эхлүүлж байхад Юу хийхээ мэдэхгүй байгаа бол Мэддэг зүйлээ хий гэсэн Тэрбумтангуудын сургааль миний тархинд бууж билээ. Миний мэддэг, чаддаг зүйл гэвэл мэдээллийн технологи болон тоног төхөөрөмжийн судалгаа. Иймээс terbumtan.com сайтаа нээсэн юм.

Шинэ сайт нээж байхдаа би зах зээлийн судалгаа хийх болон технологийн мэдлэг хуримтлуулах анхны шатны дамжаагаа алгасаж болох байлаа. Харин бизнес маань хурдац муутай эхэлсэн. Учир нь би амьдралдаа маш их алдаж байсан болохоор томоор сэтгэхэд арай л зориг хүрээгүй юм.

Мэддэг зүйлээрээ шинэ бизнес эхлүүлж байсан болохоор гарааны хөрөнгө шаардагдсангүй.

Одоо ч мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бидний хувьд шинэ бизнес эхлүүлэхэд ч амар болж дээ. Youtube, Facebook, Twitter гээд зөндөө олон мэдээллийн сувгууд бий болчихсон. Би эдгээр сувгуудаас маш их бизнес санааг олж хардаг. Хүмүүс бичиж л байдаг. Түүнд нь би задлан шинжилгээ хийж, тэндээс шинэ шинэ бизнес санааны ХУЛГАЙ хийдэг.

Өчүүхэн санаа асар их мөнгө дагуулах тохиолдол байдаг. Би тийм жишээ маш олныг мэднэ. Түүнийг л хайн олж, хүмүүст хүртээх гэж өөрийгөө зовоодог доо. Энэ л миний шинэ ажил болоод байгаа Бизнес санааны эрэл юм.

Бизнес санааны эрэлчин гэдэг ажил надад хамгийн их тохирсон. Учир нь олон арван жижиг дунд бизнес эрхлэгч нартай уулзаж явсан над шиг хүнд арай ойр байх нь ойлгомжтой.

Би анхны шатаараа хялбархан өгссөн болохоор хоёр дахь шат руугаа хөл тавих хэрэгтэй боллоо.

Хоёр дахь үе шат – Мөнгө босгох ухааныг өөрийн бизнестэйгээ хослуулах нь

Бизнесийн онол сайн мэдэхгүй над шиг хүнд шинээр бизнес эхлүүлэхэд хэцүү гэж хэлдэг ИХ МЭДЭГЧ нар зөндөө байлаа. Гэвч би Их сургуулийн онол уншиж суухаасаа залхуурч байснаа нуухгүй.

Харин бодитойгоор амьдралыг харж, зүтгэсэн маань жаахан цаг алдсан ч гэлээ илүү хялбархан бизнесийн амжилтанд дөхөж очсон маань энэ.

Миний хувьд бизнесийн төлөвлөгөө гаргах, төсөл бичих зэрэг бичиг цаасны ажилд дуртай. Гэхдээ утга учиргүй тийм юм бичиж сууж цаг алдахаар, нэн тулгамдаад байгаа ажилдаа анхаарлаа хандуулж байлаа. Манай дээдсийн хүрээлэнгийнхэний хийдэг цаасан дээрхи төлөвлөгөөнд би үнэхээр дургүй. Биднийг хүрээлэн байгаа орчин, туулж өнгөрүүлсэн амьдралд маань мөнгөгүйгээс мөнгө босгох мянга мянган аргууд тааралддаг.

Энгийн жишээ яръя л даа. Гэрт маань оройн хоол байхгүй байхад мөнгө олдохгүй л зовоодог мөртлөө архи уух болохоор өнөө гайхал олдоод байдаг шүү дээ. Иймд эрчүүд бид архи уух гэж шимтэх үедээ ухаанаа арай илүү зараад, гэрийнхээ хоолны мөнгө олох ажилд хойрго ханддаг нь хамгийн энгийн жишээ юм.

Ер нь байнгын орлоготой байхын тулд үйлдвэр эрхэлчих юм бол аяндаа Тэрбумтан болчих юм шиг санадаг хүмүүс их байдаг. Нийгэмд үйлдвэрлэл ч бай, үйлчилгээ ч бай, худалдаа ч бай! Аль нэгэн салбараар нь мөнгийг босгож болдог.

Хамгийн гол нь шинэ бизнес санааны ургах шим тэжээл миний хөрсөнд байна уу? Түүнийг бойжуулах арга туршлага ой ухаанд маань хуримтлагдсан уу? гэдэг л асуудал.

Би бизнес санааны эрэл хийхдээ хүмүүсийн амьдралд тулгамдаад байгаа хүнд асуудлуудыг шийдэх аргыг хайхаас эхэлдэг. Их бодох тусам ухаан тэлж, бөөн бөөн санаа ундардаг. Яг л онгод бууж байгаа мэт.

Жинхэнэ Мөнгө босгох бизнес санаа ингэж төрдөг. Тухайлбал:

Хятадын олон үйлдвэр аж ахуйн нэгжээр аялал хийж явахдаа бараа бүтээгдэхүүний борлуулалт гэдэг нь үйлдвэрийн эздийн хамгийн их тархи гашилгасан зүйл байгааг нь олж харсан. Харин Монголдоо ирээд олон арван залуус юу хийхээ мэдэхгүй гиюүрч байгааг бас олж харлаа.

Энэ хоёрыг нэгтгэх юм бол Эрдэнийн шигтгээтэй шижир алтан бөгжтэй болох юм байна аа гэдгийг баттай ойлгосон. Ингээд би Хятадын жижиг дунд үйлдвэрийн мэдээллийн сангаа баяжуулахад анхаарлаа хандуулсан юм. Бизнес маань ингэж л эхэлсэн дээ.

Би биет бус зүйл худалддаг ХУДАЛДААЧИН болсноо одоо ч бас гайхаад олдоггүй юм. Яагаад биет бус гэж?

Энэ бол Монгол оронд жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд нэн хэрэгтэй байгаа техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл юм. Дээр нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэрэгтэй бизнес санаанууд маань улам их чимэг болж өгсөн. Энэ хоёрыг зөв хослуулсан маань амжилтын түлхүүр байсан.

Би хүмүүст бизнес санаагаа үнэгүй тараадаг бөгөөд түүний ачаар тоног төхөөрөмжийн борлуулалт маань нэмэгдсэн. Хамгийн гол нь тоног төхөрөөмжөө худалдахад бус, харин надтай уулзаж байгаа хүний зовлонг нимгэлэхийн тулд хамаг сэтгэлээ зориулдаг байсан.

Үүний ачаар миний сайт дээр мэдээллээ тавьсан үйлдвэрлэгч нар маань манай сайтад том ач холбогдол өгч, сайтын маань ашиг орлого нэмэгдэж эхэлсэн. Товчхондоо Alibaba сайтын эзний ухааныг Монгол хувилбарт оруулан хуулсан маань энэ. Хүний төлөө сэтгэл шингэсэн ямарч ажил амжилт дагуулдаг гэдгийн жишээ энэ юм.

Дүгнэлт

Эрдэмтэдийн онолыг буруушаасан гэж битгий зэмлээрэй. Миний амьдралын их сургуульд тэс өөр хичээл заасан болохоор би өөрийнхөө бодолдоо ҮНЭНЧ үлдсээн.

Би Их сургуульд багагүй л зүйл сурсан байх. Гэвч 90 хувь нь миний амьдралд хэрэг болоогүй. Харин хатуу амьдралын нугачаанд талхиулж байх үедээ сурсан эрдэмээрээ одоо хоолоо залгуулж явна даа.

Би чин сэтгэлийнхээ үгээ бичиж л сууна. Харин уншиж байгаа дүү нар маань ямар нэгэн хэрэгтэй санаагаа олчих юм бол БӨӨН БАЯР.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.