Цуйван хэмээх том санаа

Posted by  Энхтайван   in  , ,      10 months ago     675 Views     Цуйван хэмээх том санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хотын бид 6 цагт ажил тараад түгжирсээр яваад 8 цаг гэхэд гэрийн бараа хардаг. Гэрт ирээд хоол хийж иднэ гэхээр цаг даанч орой болчихсон байдаг. Дэлгүүрээс түргэн хугацаанд халуун хоол бэлтгээд идчихээр юм гэвэл бууз баншнаас өөр юм харагдахгүй юм.
Манай нийгмийн дундаж давхрагын бид нар дандаа зоогийн газраар хооллоод байх бинчин хүрэхгүй. Тэгвэл яах вэ?
Аливаа Бизнес санаа хүнд дутагдаж байгаа зүйл дээрээс ургаж гардаг. Энэ тухай бизнес санааг дүү нартаа дуулгамаар байна.

Хоёрхон минутанд болдог цуйван

Би Хятадын Шанхай хотод аялаж явахдаа гайхамшигтай амттай гудамжны цуйван идсэнээ мартдаггүй юм. Нутаг нутгийн хоолны онцлог гэдэг гайхамшигтай. Энэ цуйванг Тайвань цуйван 台北炒饼 гэж нэрлэх бөгөөд яг л хайрсан гурилтай Монгол цуйванг санагдуулж байлаа.

Энэ цуйвангийн амтны тухай энд өгүүлэх гэсэн юм биш. Хамгийн гол нь 2 минутанд энэ цуйванг хийж чадаж байгааг биширмээр бөгөөд санаа авууштай санагдаад байгаа юм.

Гудамжинд хоол бэлтгэдэг эхнэр нөхөр хоёр 2 минутын дотор л таван хүнд хүрэлцэхээр их амттай цуйван бэлтгэж байсан.

Тэдэнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж гээд байх юм бараг алга. Ердөө л мах ногоо гурил хэрчигч + шарвин хайрагч + хийн тогоо = ИНГЭЭД ГҮЙЦЭЭ!

Нөхөр нь урьдчилан бэлтгэсэн гурилын зутанг (Гурил, хужир, амтлагч, түүхий өндөг) хайруулын таваг дээр сурамгай гэгч нь хайрна.

Хайрсан гурилаа хэрчигч машинаараа нарийнхан хэрчдэг. Эдгээр ажил нэг л минутын дотор явагдаж дуусна.

Тэр хоёр махаа урд өдөр нь энэ машинаар жижиглэн хэрчээд, төрөл бүрийн жан, цуу, хуажу, цагаан гаагаараа амтлаад хонуулахад маханд хоол амтлагчийн амт үнэр нэвт шингээд үлдэнэ.


Эхнэр нь нь бас нэг хайруулын таваг дээр тахианы мах, байцаа, луувангаа жантай хуураад хайрсан гурилтайгаа хольж, нэг удаагийн саванд хийнэ.
Бэлэн болсон хоолноос хажуугаар нь өнгөрсөн хүн бүр хэд хэдээр нь аваад л явна. Мэдээж тэдгээр хүмүүс гэр болон ажил дээрээ очоод тэр сайхан цуйванг амтархан идэж л байгаа.
Өглөө орой ажил тарах, цуглах үеэр эхнэр нөхөр хоёр томоохан компаний үүдэнд орших жижигхэн ажлын байрандаа хэдэн зуун цуйван зарчихаад л ажил нь дуусна.

Сайхан Монгол цуйвангаа үгүйлж явсан болоод ч тэр үү? эсвэл Хятадууд цуйванг гарамгай хийдэг байсандаа ч тэр юм уу? Ямар ч байсан их аятайхан бизнес санаа миний сэтгэлд үлдсэн юм.

Эндээс би юу олж харав?

1. Цуйван гэхээр заавал 15 минут жигнэсэн гурил байдаггүй юм байна гэдгийг ойлгосон.
2. Цуйван гэхээр заавал ус гурил хоёроор зуурахгүйгээр цардуул, хужир, өндөг гэх мэт өөр амтлагч хийвэл амттай гурил болдог юм байна гэж ойлгосон.
3. Цуйван гэхээр заавал гуанз болон гэрт хийдэг хоол биш юм байна. Бэлэн хоол шиг үйлдвэрлэж болдог юм байна гэдгийг ухаарсан.
4. Цуйван гэхээр заавал тавгалдаг халуун хоол биш, түргэн бэлтгэж болдог бэлэн хоол юм байна гэдгийг ойлгосон.
Ингээд бодохоор дундаж амьдралтай Монгол айлуудын ихэнхи нь орой болгон сайхан цуйван хийж иддэг хоол тул бууз баншнаас илүү хурдан борлогддог өөрийн өртөг багатай хоол юм шүү.
Шинээр бизнес эрхлэх гарааны хөрөнгө багатай бол бэлэн цуйвангийн үйлдвэрлэл эрхлээд үзэхэд гэмгүй шүү. Энэ бизнесийг эхүүлэхэд ердөө 2820 юаний гарааны хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.