Мөнгө босгох амин холбоо

Posted by  Энхтайван   in  , ,      8 months ago     811 Views     Мөнгө босгох амин холбоо-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Өнөөдөр над дээр зөвлөгөө авахаар нэг ФБ-ийн найз дүү маань ирлээ. Тэрээр:
– Томхон төсөл бичээд дорвитойхон зээл аваад хөдөлмөөр байна гэв. Би хариуд нь:
– Том зээл гэдэг бол өрийн дарамт руу чиглэсэн МУХАР ГУДАМЖ! Зээл авахгүйгээр хийж болох зөндөө шинэлэг бизнес байна. Би чамд хэлж өгье гэлээ. Тэгээд:
Өртэй байсан ч санаагаар бүү уна! Эрүүл ухаанаар сэтгэх чадвар байх л юм бол шинэ бизнесийг их мөнгөөр бус, ухаанаараа босгож чадна гээд хамгийн энгийнээс нь эхлэсэн зөвлөгөөгөө өглөө. Тухайлбал:
Монголчууд бид Хятадаас ганзага хийгээд олон жил боллоо. Гэтэл “Хятад Монгол хоёр үйлдвэрлэгчийн барааны алийг нь худалдах сонирхол танд илүү байгаа вэ?” гэвэл олонхи нь “Монголынх” гэж хариулах байх. Гэвч зарим нэг нь Монголын үйлдвэрийн бараа үнэтэй бөгөөд ашиг багатай гэж хэлэх байх. Нөгөө хэсэг нь Монголын үйлдвэрийн бараа борлогдохдоо муу чанаргүй гэж хариулж магад.
Хятад газар олон жил аялж явахдаа нэг л зүйлийг би олж харсан. Хятад худалдаачид том хэмжээний захиалга хийх үедээ, үйлдвэрээс нийлүүлсэн үнийн саналаар нь өгөөд өөрсдөө ямар ч ашиггүй үлддэг.
Би анх үүний нарийн учирыг ойлгодогүй байлаа. Гэтэл энэ нь үйлдвэрлэгчээ дэмжиж, хамтдаа хөгжих гарцаа бататгаж байгааг нь ухаарсан.
Харин үйлдвэрлэгч дээр нь очоод, бараа худалдаж авах гэвэл борлуулагчынхаа худалдаж байгаа үнээс өндөр үнэ хэлдэг. Энэ бол үйлдвэрлэгч, борлуулагч хоёрын үл тасрах амин холбоо юм. Би заавал борлуулагчаас худалдан авалт хийхээс өөр ГАРЦ үгүй болдог.
Мөн сайн борлуулагч нар байнга үйлдвэрлэгчийнхээ бараа бүтээгдэхүүн дээр давхар чанарын шалгалт хийж, гэмтэл согогтой барааг буцааж байдаг. Энэ бол үйлдвэрлэгчийн санамсаргүй алдааг илрүүлж, нэр төрийг нь хамгаалж буй ариун сэтгэл юм.
Бас бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах гарцыг байнга судлаж, худалдан авагчидын ашиг сонирхолд нийцсэн бараа үйлдвэрлэхийг шаарддаг. Ийм борлуулагч нартаа үйлдвэр итгэл үзүүлж, зээлээр бараагаа өгөхдөө ч дуртай байдаг.
Яг л энэ АМИН ХОЛБОО Монголд дутагдаад байгаа юм. Үйлдвэрлэгч нар өөрсдөө бараагаа зарах гэж үйлээ үзэх биш, харин аль болохоор олон борлуулагчтай болох хэрэгтэй.
Тэгээд борлуулагч нартаа хамгийн өндөр ашиг хүртэх бүх боломжыг бүрдүүлэхийг хичээдэг.
Тэгэхээр мөнгөгүй хүн ч гэсэн үндэснийхээ үйлдвэрлэгч нартайгаа амин холбоо үүсгэж өөрийнхөө амьдралыг өөд нь татаж чадна.
Хятадын үйлдвэрлэгч нар руу мөнгөө барж ядан гүйх биш, Үндэснийхээ үйлдвэрлэгч нарын итгэлт борлуулагч болох хэрэгтэй.
Сайн борлуулагч үйлдвэрийн хөгжлийн гарц болдог бол хөгжиж чадсан үйлдвэр борлуулагчаа хангалттай тэтгэдэг.
Өөрөө үйлдвэрлэл эрхлэх гэж хөрөнгө мөнгө хайхгүйгээр үндэсний үйлдвэрлэгчдийнхээ дотны ТҮНШ болох нь мөнгөгүй ч гэсэн мөнгө босгох бас нэг ухаан юм шүү.
Зөвлөгөө авсан дүү маань гүн бодолд ороод, яаж талархахаа ч мэдэхээ байсан.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.