Posted by  Энхтайван   in  , ,      9 months ago     762 Views     Хятад эздийн бизнесийн нууцаас-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Саяхан надад нэг залуу Facebook дээр надад хандаж, зовлонгоо тоочлоо. Түүний бизнесийн нууцыг хадгалж, хэн гэдэг хүн, ямар үйлдвэрлэл эрхлээд ийнхүү зовлонд унав? гэдгийг илчлэн бичих эрх надад байхгүй.
Тэрээр найзтайгаа нийлж нэгэн үйлдвэр байгуулсан боловч, “Бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт муу болохоор ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрээд байна” гэсэн юм. Үүнд хариу болгож нэгэн бизнес санаа бичмээр байна.
Хятадын Шеньжень хотод явж байхдаа хоёр сонин хүнтэй уулзаж байхад төрсөн бизнес санаагаа энд бичье.
Хятадад хоёр найз инженер тэтгэвэртээ гараад, мэрэгжлийн дагуу электроникийн угсралт хийдэг өрхийн үйлдвэр байгуулцгааж гэнэ ээ. Нэг нь хага баяжаад, нөгөө нь ядуу хоосон хэвээрээ л байх юм.
Би хоёулантай нь хамт оройн зоог барьж, архи уусан. Тэгээд би “Яагаад нэг нь баян, нөгөө нь ядуу байгаа юм бэ?” гэж сонирхож асуулаа. Гэтэл баян найз нь нөгөө ядуу найзыгаа шүүмжлэх маягтай хэдэн үг хэлдэг юм байна.
– Би энэ найздаа зөндөө хэлсэн. Миний үгийг авах нь бүү хэл сонсох ч дургүй. Эдний хүү нь үйлдвэрийнхээ борлуулалтыг хариуцаж, худалдаагаа хийдэг. Эднийх хотын төвд орших худалдааны зах дээр өөрийн гэсэн нэрийн барааны дэлгүүртэй.
Харин надад дэлгүүр байхгүй. Би бүх бүтээгдэхүүнээ дистрибьютер компаниудад шууд нийлүүлдэг. Тэд миний өмнөөс маркетинг болон зар сурталчилгааг минь хийгээд, барааг минь маш сайн борлуулж өгдөг.
Ер нь үйлдвэрлэгч хүн өөрөө борлуулагч байна гэдэг хэцүү. Өндөр зохион байгуулалттай арван дистрибьютер компаниуд миний барааг худалддаг бол эдний хүү ганц дэлгүүр дээрээ бараагаа худалдаж байна. Бид хоёрын ялгаа энэ гэж хэллээ. Тэгээд цааш нь:
– Дэлгүүрийн түрээсийн мөнгөө төлөөд, үлдсэн жаахан ашгаараа эдний гэр бүл амьдардаг. Би бүтээгдэхүүнээ арай хямд үнээр дистрибьютер компаниуддаа нийлүүлдэг. Заримдаа би захиалгаа дийлэхгүй болдог. Тэр үед хүн чанар маань зулгааж, найздаа хагас захиалгаа өгдөг гэлээ.

Дүгнэлт

1. Хэрэв чи хүч чадалтай бол, хүн чанартай бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно. Энэ бол жинхэнэ Хятад худалдаачны бодлого.
2. Үйлдвэр байгуулах амархан. Харин бүгдийг өөрөө хийх гэж, тамын тогоонд бүү чанагд. “Бүгдийг хийж чаддаг” төгс хүн л нуруун дээрээ ачаа үүрэх дуртай байдаг.

Энд би Хятад болон Монголын жижиг, дунд үйлдвэрүүдийн ялгааг хэлмээр байна. Энэ ялгааг ойлгож, амьдрал дээр хэрэгжүүлж чадвал зовлонгоо тоочиж байсан залуу өнөөдөр арай өөр байх байсан болов уу.

Хятад эздийн давуу талууд

Хятад эздийн давуу талыг хэлэхдээ Монгол захиралуудынхаа дутагдалтай талуудыг илэн далангүй бичлээ. Захирал дүү нар минь, Уучлаарай!
1. Хятадад жижиг, дунд үйлвэрлэгч нар зөвхөн үйлдвэрлэлээ л явуулдаг. Тэд борлуулалтаа дистрибьютер компанид даатгадаг. Харин тасралтгүй их хэмжээний захиалга авахын тулд хэд хэдэн дистрибьютертэй байдаг. Манайхан үйлдвэр, худалдаа, үйлчилгээний “ТОМ” компаний ерөнхий захирал гэж өөрсдийгөө өргөмжлөөд бүгдийг ганцаараа хийдэг.
2. Мөн ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд хоорондоо өрсөлдөхийн оронд томоохон захиалга дээр хамтраад ажиллачихдаг. Харин манайхан өрсөлдөгчөө дампуурч байвал баярлана. Том захиалга орж ирвэл нэг бол өөрөө хийх гэж шуналтана. Чадахгүй болохоороо Хятадын үйлдвэрээр хийлгэчихээд өөрөө хийсэн мэт царайлна.
3. Хятадад үйлдвэрүүдийн өрсөлдөөн зөвхөн барааны чанар, технологийн дэвшил хоёр дээр л явагдана. Манай захиралууд жижигхэн компанийхаа бүх хүнд ачааг өөрөө үүрч явдаг болохоор үүнийг бодох зав байдаггүй. Тэдэнд бодож, шийдэх маш их асуудал байгаа шүү дээ.
Дээр нь эрүүл ахуй, татвар, мэрэгжлийн хяналт, гал гэх мэт төрийн дарамт тулгасан Хяналт шалгалтууд!!!
4. Үйлдвэрлэгч хүн маркетинг, зар сурталчилгаа, борлуулалт, үзэсгэлэн яармаг гэх зэрэг томоохон мөнгө хөрөнгө шаардсан ажилд туршлага муутай байдаг. Иймд бизнесийн зөвлөгөө өгөх компаниудтай нягт хамтын ажиллагаатай байдаг. Тэд гарч болзошгүй эрсдэлээс хамгаалаад зогсохгүй маш олон бизнесийн боломжит саналуудыг гаргаж өгдөг.
Манайхан үүнийг илүү зардал гэж боддог. Ер нь амьдралын бор ухаанаараа шийдээд, дээр нь МОНГОЛЧЛОХ аргаа хэрэглэдэг.
5. Хятад эзэд өрсөлдөгч нарын хийсэн шинэ бүтээгдэхүүнийг байнга судлаж, дутагдлаа олж хардаг. Манайхан өрсөлдөгч нараа байнга басамжилдаг тул тэдний давуу талыг олж хардаггүй.
“Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай.” гэж Марк Аврелий хэлснийг санахад илүүдэхгүй.
6. Хятадын үйлдвэрийн эзэд ажилчидтайгаа хамт баяжих бодлого баримталдаг. Монголын үйлдвэрийн эзэд ганцаараа баяжихыг боддог. Ажилчдын зовлонг үл ойлгоно. Ер нь “Бусдын зовлонгоор хоол олно” гэдэг чөтгөр болж буйн шинж юм
7. “Ажилчид маань баялагыг бүтээж, намайг тэжээж байна” гэж Хятад эзэн боддог. Монгол захирал “Би эдгээр хүмүүст ажлын байр гарган өгч, тэдний гэр бүлийг тэжээж байна” гэж боддог.
“Баян хүний зан нь эвдэрхий. Ядуу хүний сэтгэл эвдэрхий” гэгчээр ажилчдаа тэжээж байна гэж битгий бодож байгаарай. Хэзээ нэгэн цагт тэд гомдоод явахад чамайг тэжээх хүн үгүй болно.
8. Хятадын үйлдвэрийн эздийн өдөр бүр хийдэг хамгийн гол ажил нь түүхий эд, сэлбэг, эд ангийн бэлтгэн нийлүүлэлтийн судалгаа байдаг. Манай захиралууд Хятадад байгаа Өвөр Монгол төлөөлөгч нартаа итгэж, тэдэнд даатгадаг.
9. Хятад үйлдвэрийн эзэд хамгийн сайн түүхий эдийг хямд үнээр худалдан авч чаддаг бол Манайхан ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛ гэгч Цагаан хэрмийг давж чаддаггүй. Бусад орныхон хийж болоод байгаа бизнесийг Монголчууд чадахгүй байгаад би гайхаж байна.
10. Хятадын жижиг дунд, өрхийн үйлдвэрүүд хамтраад түүхий эдээ их хэмжээгээр үйлдвэрт захиалж чаддаг бол Монголчууд бид хамтран ажиллах давуу талыг өөр өнцгөөс хараад, дандаа жижиглэнгийн өндөр үнээр түүхий эдээ худалдаж авдаг.

Монгол захиралуудын давуутай боломжууд

1. Боловсрол өндөр, оюуны потенциал илүү тул ямар ч салбарт амжилт гаргах чадвартай.
2. Дэлхийн хаана ч чөлөөтэй зорчиж, техник технологийн мэдээлэл олж авах боломжтой.
3. Төрийн дарамт, зах зээлийн хямралын хүнд нөхцөлд дасан зохицож, аливаа бэрхшээлийг давж гарах сэтгэл зүйн бэлтгэлтэй.
4. Зах зээл бага ч, MADE IN MONGOLIA бүтээгдэхүүнийг нь АНУ, Япон, Европын холбоо гэх мэт оронд татваргүй оруулах зөвшөөрөлтэй. Иймд бидэнд боломж бий.
5. Аливаа шинэ бүтээгдэхүүнээр дотоодынхоо зах зээлд хүч түрэн орж ирэхэд өрсөлдөгч нараас үзүүлэх сөрөг довтолгоо байхгүй. Хийж чадах л юм бол зах зээлд орон зай бий.
6. Мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байгаа бидэнд Интернетийн орон зайн хязгаарлалт байхгүй. Иймд дэлхийн олон орны бизнесменүүдтэй хүссэн үедээ чөлөөтэй харилцах боломжтой. (Хятадад Facebook, Twitter, Google, Youtube зэрэг маш олон вебсайтууд хориотой байдаг.)
7. Монгол орон хүн ам бага ч гэсэн газар нутаг, эрдэс баялаг, мал сүргээрээ дэлхийд дээгүүр ордог тул иргэн бүрт ноогдох суурь хөрөнгө сайн. Иргэн ухаалаг бол дотоодын зах зээлээс халих бүрэн боломжтой. Хятад хүмүүс Монголчуудын үүнд л атаархдаг шүү дээ.
8. Монголчууд Хятад, ОХУ, Казахстанд визгүй зорчидог бол Хятад эзэд боломжгүй.
9. Зах зээлд худалдаалагдаж байгаа барааны үнэ өндөр байдаг тул нэгж бүтээгдэхүүнээс олох ашиг өндөр байдаг.
10. Улс төрд эрх чөлөөтэй, тэгш эрхтэй оролцох боломжтой. Хүсвэл хэн ч өөрийн орон нутагтаа “төрийн түшээ” болж чадна.

Бизнес зөвлөгөө

Монголынхоо зах зээл дээр Жижиг үйлдвэрүүд маань Хятадын том үйлдвэрүүдийн хүчин дор мөхөсдөж байна. Манай үйлдвэрүүд хамтран, баг бүрдүүлж чадвал амжилт ойрхон байна.
Хятадын том үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн Монголд орж ирэх боломжыг хаахын тулд тэдний бүтээгдэхүүнийг жижиглэнгээр худалдаж байгаа худалдаачдын сонирхолыг татах боломжыг хай. Тэдгээр худалдаачид нь бидний элэг нэгт Монгол дүү нар маань шүү дээ.
Хүн өөрийн толгой дээрхи өвсөө харахгүй байж хүний толгой дээрхи өвсийг сайн хардаг. Тийм болохоор баахан цэцэрхчихлээ. Уучлаарай.

БИД ХЭРЭГЛЭГЧ МОНГОЛ БИШ ҮЙЛДВЭРЛЭГЧ МОНГОЛ БОЛЖ ЧАДНА!

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.