Хэрүүл хөгжлийн замыг нээсэн нь

Posted by  Энхтайван   in  ,      7 months ago     261 Views     Хэрүүл хөгжлийн замыг нээсэн нь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад улсад өдөр бүр хэдэн мянган компани шинээр нээгдэж, бас хэдэн мянган компани дампуурдаг. Гэвч хөгжиж байгаа нь цөөхөн, дампуурч байгаа нь олон. Энэ бол зах зээлийн хатуу хууль.
Дампуурлын ирмэгт тулчихаад, эргэн хөгжлийн замдаа орсон компаниуд ч их байдаг. Энд би хар хэрүүлийн улмаас дампуурах шахаад, эргэн боссон үйлдвэрийн тухай бичмээр байна.
Их сургуулийн оюутан хоёр найз 3 жил энергийн ундааны технологийн судалгааг хийж, ирээдүйд хүчирхэг брэнд гаргана гэж мөрөөддөг байжээ.
Тэд оюутан байхдаа шинэ үйлдвэр байгуулж, брэнд бүтээгдэхүүнээ бий болгох төсөл, төлөвлөгөө, техник технологийнхоо судалгаа хийж дуусгасан байна.
Сургуулиа амжилттай төгссөн залуус үйлдвэр байгуулах ажилдаа шамдан оржээ. Нэг нь технологийн ангийн оюутан байсан тул үйлдвэрлэгч болж, нөгөө нь маркетингийн мэрэгжлээр төгссөн тул борлуулагч хийхээр тохиролцов.
Тэдний ажлын эхлэл сайхан тавигдсан байна. Үйлдвэр нь шинэ бүтээгдэхүүнээ туршилтанд оруулж, бүх зөвшөөрөл патентаа нэр дээрээ бүртгүүлэн авч, харин борлуулагч нь өдөр бүр зар сурталчилгаа хийж, шинэ брэндийг зах зээлд нэвтрүүлэх бэлтгэлээ хангаж байлаа.
Ажил дөнгөж эхлэж байсан болохоор тооцоолоогүй зардлууд гарч байсан ч тэд уйгагүй хөдөлмөрлөж байв.
Хоёр найз ашиг хуваарьлалтын талаар огт бодож байгаагүй бөгөөд тэгш эрхтэйгээр хамтран ажиллах зарчимыг л баримталж байсан юм.
Гэтэл нэгэн өдөр телевизийн техникийн саатлаас болж тэдний зар сурталчилгаа эфирт тавигдсангүй өнгөрчээ.
Үйлдвэрлэгч залуугийн сэтгэлд “Найз маань телевизийн зар сурталчилгаа хийх нэрээр өчнөөн мөнгө идээд байна уу даа” гэсэн хар бууж гэнэ.
Тэр өдрөөс хойш тэдний хооронд үл ойлголцох асуудлууд дараа дараагаараа урсан гарч ирэх болов. Үйлдвэрлэгч залуу өнгөрсөн асуудлыг олон өдөр дотроо бодон шаналан, хэлж зүрхлэхгүй явсаар сүүлдээ тэсвэр алдан, найздаа агсан тавьжээ.
“Энэ надаас илүү их мөнгө завшиж байна” гэсэн хардалт, хэрүүлийн үндэс байсан юм.
Ар гэрийнхээ амьдралыг умартан, чин сэтгэлээсээ ажиллаж байсан борлуулагч залуугийн сайхан сэтгэлийн гүнд аянга ниргэх мэт болж, хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байлаа.
Хэрэлдсэн хүмүүс бие биенээ давах гэж хэлж үл болох хорон үгээр дайран давшилж, улмаар тангараг тасардаг жамтай.
Уурласны хариуд уурлана гэдэг улам их уур гаргана л гэсэн үг. Иймд найзынхаа хэлсэн хараалыг тэвчээртэй сонсоод, үйлдвэрийг орхин явжээ.
Борлуулагч залуу гар хоосон үлдсэн ч оюуныхаа хүчирхэг чадварт түшиглэн дангаараа худалдааны компани байгуулан ажиллаж байв.
Харин үйлдвэрлэгч залуугийн маань нуруун дээр бас нэгэн хүнд ачаа нэмэгдэж, борлуулалт хийх арга замаа олохгүй байв.
“Дахин уухгүй гэж шүлсээ хаясан худгийнхаа усыг хүн уудаг л юм” гэгчээр үйлдвэрлэгч залуу тэсвэр алдан, найзаасаа уучлал эрж, анд нөхдийн харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсчээ.
Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл юм. Багын найзынхаа хатуу үгэнд сэтгэл нь шаналж явсан ч, нөхрөө уучлах уужим сэтгэл борлуулагч залууд байжээ.
Хардалт нь эвдрэлцлийг төрүүлдэг бол, уужим ухаан нүгэл хилэнцийг уучилдаг хорвоо юм даа. Гэвч тэр уучлахын өмнө нэгэн болзол тавьсан нь “Дахин хэзээ ч данс нэгтгэхгүйгээр хоёр тусдаа компани байя” гэжээ.
Тэр өдрөөс хойш Үйлдвэрлэгч нь зөвхөн бүтээгдэхүүний чанар, нийлүүлэлтийн бэлэн байдалд анхаарлаа хандуулж, нөгөө нь брэнд бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг дэмжиж чадах хүчирхэг сүлжээний хөгжлийн гарцыг хайн ажиллажээ.
Үйлдвэрлэгч байнгын захиалгатай болж, харин борлуулагч бүтээгдэхүүний чанарт сэтгэл зоволтгүй болов.
Ийнхүү хоёр найз хоёр тусдаа компани болсон нь цаашид хэн хэнийгээ хардах явдал үгүй болж, оюутан байхдаа мөрөөдөж явсан хүслээ биелүүлсэн юм.
Энэ нийтлэлд хэлэх гэсэн гол санаа бол “Нэг хүн хэзээ ч үйлдвэрлэл борлуулалт хоёрыг хослуулан хийж чаддаггүй.” юм.
Иймд үйлдвэр эрхлэх гэж байгаа бол бүтээгдэхүүндээ анхаарлаа хандуул. Сайн бүтээгдэхүүний борлуулалтыг хийх хүн аяндаа гараад ирнэ.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.